Ард түмнээ хайрлая намын дарга Л.Гүндалайг танихгүй хүн бараг үгүй. Тэрбээр сонгуулийн үеэр тусгай үүргийн онгоцоор Тайландаас ирмэгцээ 21 хоног тусгаарлагдсан бөгөөд энэ сарын 14-ний өдөр гарсан. Тэгвэл тэрбээр Хөвсгөл нуурын эрэг дээр өөрийн хувийн эзэмшлийн амралтын газартаа амарч байгаа гэнэ.

Олон нийтийн сүлжээнд идэвхтэй тэрбээр сүүлд хийсэн лайвынхаа үеэр өөрийн “Далай Ээж’ амралтын газрыг тусгаарлах байрны зориулалтаар Улсын онцгой комисст үнэ төлбөргүй ашиглуулах санаачилга гаргаснаа дуулгалаа.

Л.Гүндалай “Улсын онцгой комисст хандаж нэг зүйл хэлье. ОХУ-аас авчирсан гадаадад гацсан монголчуудаа манай бааз дээр тусгаарлаж болно. Надад 200 хүн хүлээн авах хүчин чадалтай бааз байна. Чимээ шуугиангүй, цэвэр агаартай, ургамал ногоотой ийм газарт тусгаарлалт хийнэ гэвэл надад татгалзах зүйл алга. Үнэ төлбөргүй үйлчилгээ үзүүлэхэд би бэлэн байна. Улсын онцгой комисс үүнийг анхааралдаа аваарай. Монгол иргэдээ Хөвсгөл нуурын хойд эргийн Ханхын боомтоор оруулж ирэх ч боломж байна’ гэв.