Өнгөрсөн сарын 4-нөөс эхлэн Экологийн цагдаагийн алба болон Засгийн газрын хэрэгжүүлэгч усны агентлаг хамтран “Цэнхэр алт усаа хайрлая” аяныг нэг сарын хугацаанд зохион байгуулжээ. Үүний холбоотойгоор өнөөдөр Экологийн цагдаагийн албанаас тус сэдвээр өдөрлөг зохион байгууллаа.

Улаанбаатар хот 2050 онд усны хомстолд орно гэсэн тооцоолол гарчээ. Гэтэл иргэдийн зүгээс усаа гамгүй хэрэглэж, үр ашиггүй зүйлд их хэмжээгээр зарцуулж байгаа аж. Тухайлбал, нийслэлд 197 авто угаалгын газар байдаг бөгөөд нэг машиныг 60-100 литр усаар угаадаг байна. Ингэснээр өдөрт гурван тонн цэвэр усыг зөвхөн машин угаахад зарцуулж байгаа аж. Үүнээс 17 авто угаалгын газар л саарал усыг ашигладаг гэсэн судалгааны үр дүн гарчээ.

Өөрөөр хэлбэл, нийт 197 авто угаалгын газраас ердөө 17 нь машин угаасан усаа дахин боловсруулж, цэвэршүүлэн ашигладаг байна.

Тиймээс Экологийн цагдаагийн албанаас дээрх жишээн дээр үндэслэн саарал усыг ашиглах талаар аж ахуй нэгжүүд болон иргэдэд уриаллаа.