Ой хүрээгүй хүүхдийнхээ оюун, ухааныг хөгжүүлэх нэрийдлээр утас, зурагттай нөхөрлүүлдэг хэв маяг манай улсад хэдийн бий болжээ. Ухаалаг утсыг чадварлаг удирдаж буй хүүхдүүдийн сурах чадвар, оюун ухааныг нь гайхан, бишрэх хүмүүс ч олширч. Гэвч энэ бол сайрхах зүйл биш, санаа түгших асуудал юм. 

Дэлгэцийн донтолт гэх оношоор 50 орчим хүүхэд хэвтэн эмчлүүлжээ 

Энэ оны байдлаар Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд дэлгэцийн донтолт гэх оношоор 50 орчим хүүхэд хэвтэн эмчлүүлжээ. Харин сүүлийн таван жилийн хугацаанд 300 гаруй хүүхэд тус эмгэгээр өвчилж, эмнэлэгт хандан, эмчилгээ хийлгэсэн байна. Гэхдээ үүнд дэлгэцийг хэтрүүлэн хэрэглэж, гэрээр сэтгэл заслын эмчилгээ хийлгэж буй хүүхдүүдийг хамруулаагүй гэдгийг тодотгоё. Мөн дэлгэцийн хамааралтай болсон ч ээж, аав нь оношилж чадаагүй олон арван хүүхэд бий.

Хүүхэд утас удирдах нь сэтгэхүйн чадамж бус даган дуурайх дадлаас үүдэлтэй

Хэдхэн жилийн өмнө дэлгэцийн донтолтын асуудал зөвхөн PC тоглоомд автсан өсвөр насны хүүхдүүдэд хамаатай байсан. Гэтэл одоо нялх, балчир хүүхдүүдэд ч халдсан нь харамсалтай. Гар утасны түгжээг төвөггүй тайлж, зурагтын суваг сурамгай удирдах бяцхан үрээ харж ухаантай гэж магтах ээж, аав ч цөөнгүй. Гэтэл энэ нь ямар нэгэн гоц оюуны хөгжил бус зөвхөн даган дуурайх дадлын улмаас үйлдэгддэг гэнэ. Энэ талаар Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн Хүүхэд өсвөр үеийн клиникийн их эмч Л.Цэрэндолгор Хүүхдийн тархи цагаан цаас шиг байдаг тул аливааг маш хурдан сурдаг. Энэ үедээ хүмүүсийн хийсэн ихэнх үйлдлийг дуурайж, давтдаг. Тиймээс дэргэд нь үргэлж утас, зурагт үзэж, оролдохоор хүүхэд тухайн үйлдлийг автоматаар суралцдаг. Ухаантай хүүхэд утас оролдож чаддаг, ухаан муутай бол чадахгүй гэсэн ойлголт байхгүй. Гэтэл томчууд үүнийг ойлгохгүй хүүхдээ ухаантай, авьяастай гээд утас, зурагтаар хангах тохиолдол бий. Ингэх нь хүүхдээ багаас нь дэлгэцийн донтолтод автах үндсийг нь тавьж буй хэрэг юм хэмээлээ.     

Донтолтыг эмчлэх эмчилгээний таван хувь нь л амжилт олдог 

Донтолт бол өвчин болохыг ДЭМБ баталсан. Түүнчлэн аливаа донтох эмгэгийн ердөө таван хувь нь л эмчлэгдэх магадлалтай. Мөн тухайн үедээ муу дадал, зуршлаа гээсэн ч эргээд сэдрэх эрсдэл өндөр юм. Энэ нь сэтгэл зүйн өөрчлөлттэй холбоотой. Тухайлбал, насанд хүрсэн үед нь бий болсон аливаа хямрал, ганцаардал, стресс зэргээс үүдэх сөрөг сэтгэл хөдлөлөө даван туулж чадахгүйн улмаас архи, тамхи, мансууруулах бодис, мөрийтэй тоглоом зэрэг хорт зуршилд автаж, түүндээ донтох тохиолдол элбэг гардаг аж. Өөрөөр хэлбэл, хүүхдээ ухаалаг төхөөрөмжтэй нөхөрлүүлж өсгөх нь насанд хүрсэн хойноо аливаа хорт зуршилд амархан автдаг болоход нөлөөлнө.

Гар утасны хорт цацраг хүүхдэд хамгийн их сөрөг нөлөө үзүүлдэг

Олон улсын стандартаар хүүхэд 0-2 настай бол зурагт, утас харуулж болохгүй. Харин 3-4 насанд нь өдөрт ердөө 15 минут, 5-7 настай бол 35-40 минут, түүнээс дээш бол нэг цагаас илүүгүй хугацаанд дэлгэц хэрэглэх нь тохиромжтой гэж үздэг байна. Үүнээс олон цагаар утасны өмнө уях нь бие, физиологид ч сөрөг нөлөө үзүүлдэг. Бага насны хүүхэд удаан хугацаанд дэлгэц ширтсэний улмаас хамгийн түрүүнд нүдний хараа мууддаг. Учир нь зурагт улаан, ногоон, цэнхэр гэсэн гурван өнгөний давтамжтай дүрс ялгаруулдаг. Үүнээс хамгийн хортой өнгө нь цэнхэр бөгөөд энэ нь нүдний эсийг гэмтээдэг аж. АШУҮИС-ийн Нүд судлалын тэнхимийн багш, Сондра нүдний эмнэлгийн эмч Ж.Довчинжамц “Хүний биеийн өсөлт, хөгжлийг дагаад нүдний өсөлт явагдаж байдаг учир хараа 20 нас хүртэл бүрэн тогтоогүй байдаг. Тиймээс 18 хүртэлх насны хүүхдүүд нүдээ хайрлах хэрэгтэй. Хараа тогтоогүй үед дэлгэц их ширтэх нь холын хараа муудах үндэс болдог. Учир нь утас, зурагт нь харааны булчин чангарах гол хүчин зүйл болдог юм гэв.

Мөн гар утаснаас ялгарах хорт цацраг нь жин багатай хүнд хамгийн их сөрөг нөлөө үзүүлдэг тул цацраг туяанд хүүхэд хамгийн түрүүнд хордох магадлалтай. Мөн хүүхдийн тархины яс томчуудыг бодвол нимгэн тул цахилгаан соронзон туяа амархан нэвтэрч орох боломжтой аж.

eagle.mn

Show CommentsClose Comments

Leave a comment