ӨМӨЗО-ны Шилийн гол аймгийн Хөвөөт шар хошууны Онгон-Уул сумын Борхужир гацааны өндөр настан Чимэдмаа гуайн хайртай үнээ Сарт нь энэ жил 35 хүрч байгаа юм байна. Үхэр гуч гарвал их өндөр настайдаа тооцогдоно гэж Чимэдмаа гуай хэлэв.

Сарт нь 1986 оны тугал, 2001 онд сэтэрлэжээ. Гунжнаасаа 28 хүртлээ тугалахдаа охин голдуу төл гаргаж байжээ. Сартыг үржил төлжил сайтай үнээ гэдгийг нь айл хотлоороо цөм батлах аж. Нас нь явахын хэрээр араа шүд нь элэгдсэн ч нэг нь ч унаагүй гэнэ. Гэвч өвс зажилж чадахаа больсон тул тэжээл бордоо, өвсны үрээр гол зогоож байгаа юм.

Сарт зундаа сүрэг дагаж бэлчээрт гардаг ч энэ жилээс бие нь доройтсон болохоор намрын сэрүүн оронгуут малч эзэн нь хорооны нөмрөөс холдуулахгүй арчилж додомдож байна. Чимэдмаа гуай Сартдаа зориулан өвсны үр тэжээл нөөцлөн, бүлээн ус уулгаж, дулаан хашаанд хонуулдаг болжээ. 

Сарт цэвэр монгол үхрийн удам. Чимэдмаа гуайн эгч нь түүний хүүд өгсөн шар тарлан үнээний төл. Тиймээс Чимэдмаа ээж төрхмийн талаас ирсэн хишиг мал хэмээн хайрласаар, арилжиж худалдахгүй нутагтаа ясыг нь тавина гэж хичээсээр иржээ. 

Эх сурвалж: Шилийн голын өдрийн сонин

Show CommentsClose Comments

Leave a comment