Сүүлийн жилүүдэд Хятадын төрөөс хэрэгжүүлж байгаа ядуурлыг бууруулах бодлого зорилтын дүнд маш олон хүн шинэ ажлын байраар хангагдаж өрхийн орлогын түвшин илт дээшилсэн. Энэ бол зөвхөн нүдэнд харагдаж гарт баригдаж байгаа бодит жишээ юм. Харин улс үндэстнээрээ эрвийж дэрвийн зүтгэсэн энэхүү том хөтөлбөрийн хамгийн гол үр шим нь эрүүл чанартай үйлдвэрлэл, эко технологийг бий болгож нийгмийн хөгжлийг цоо шинэ түвшинд гаргаж тавьсан явдал билээ. Учир нь төр засаг ядуурлыг бууруулах төсөл хөтөлбөрөө маш нухацтай боловсруулж, шинжлэх ухаанд түшиглэсэн шинэ хэлбэрийн үйлдвэрлэлийг мэргэжлийн байгууллагын удирдлага дор хэрэгжүүлснээр амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой өрх бүл хөрөнгөжсөний зэрэгцээ шинжлэх ухаан үйлдвэрлэлийн цоо шинэ асар том бааз суурийг бий болгосон нь эргээд нийгэмдээ эерэг үр нөлөө үзүүлж эхэлсэн юм. Үүний нэгээхэн жишээ болох Бээжингийн Zhongnong Fuyuan группийн харьяа Dehong Lvzhiyuan биотехнологийн компаний хийж буй шинэ төрлийн бактерийн бордоог сурвалжилснаа хүргэе. 

Хятадын Хөдөө аж ахуйн шинжлэх ухааны хүрээлэнгийн удирдлага дор салбарын эрдэмтдийн гаргасан шинэ патент бүхий бактерийн бордоог “Dehong lvzhiyuan” биотехнилогийн компани Хятадын Юннань мужийн Манши хотод үйлдвэрлэн зах зээлд гаргаж эхэлсэн билээ. Дэхуны дай, жүнпо үндэстний өөртөө засах жөүгийн төв Манши хотод өнгөрөгч жил байгуулагдсан энэхүү үйлдвэр нь ядуурлыг бууруулах төрийн бодлогын хүрээнд тухайн орон нутаг дахь орлого багатай айл өрхийн хүмүүсийг ажлын байраар хангахын зэрэгцээ газар тариалангийн салбарт ихээхэн үр өгөөжөө өгөх биологийн тусгай бордоо үйлдвэрлэж байгаагаараа онцлог юм. Хятадын баруун өмнөд үйлдвэрлэлийн баазад харъяалагддаг энэхүү компани нийт 56,6 сая юаний хөрөнгө оруулалтаар байгуулагдсан бөгөөд нэг жилд 100 мянган тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Кофений шаар, тариалангийн талбайн хаягдал гэх мэт олон “хог”-уудыг дахин боловсруулж, фосфор, кали, микроэлементүүдийг түдгэлзүүлэн идэвхжүүлж, үр ашиггүй тэжээлийг үр дүнд хувирган шинэ төрлийн онцгой бордоо гаргаж авчээ.

Ялгах, түүвэрлэх, баяжуулах, орц найрлагийг нь тохируулах үйлдвэрлэлийн олон дамжлагыг туулан гарч ирсэн энэхүү шинэ төрлийн бордоог ногоон, органик жимс, хүнсний ногоо, үр тариа, хөвөн, цай, элсэн чихэр, эмийн ургамлын тариалалтад ашигласан нь онцгой үр нөлөөгөө үзүүлж байгаа юм. Бордоог хэрхэн хийж байгааг үйлдвэр дээрээс нь танилцсаны дараа бид буцахдаа Юннань мужийн Кунмин хотын ойролцоох жимс ногооны томоохон аж ахуйн усан үзмийн талбайд мөнөөх бордоо хэрхэн үр шимээ өгч байгаатай мөн очиж танилцсан билээ. 

Dehong Lvzhiyuan биотехнологийн компаний энэхүү бордоогоор бордсон усан үзмийн “Янгуан Мэйгүй” шинэ соорт нь өдгөө бүх Хятадын зах зээлд гарч амталсан хүн бүхний арааны шүлсийг асгаруулж эхэлжээ. Туйлын органик, хаягдал багатай, өнгө үзэмжээрээ гялбуулсан энэ усан үзэм одоо Хятадын томоохон хотуудын хүнсний сүлжээ их дэлгүүрүүдийн лангууг чимээд зогсохгүй хөрш зэргэлдээ улсууд руу экспортлогдож эхэлжээ. Ингэснээр нэгд, улс орныхоо хөгжлийн төлөө сэтгэлээ чилээж явдаг эрдэмтэд судалгаа шинжилгээнийхээ үр дүнг туршилтын лабораторитоо биш дэлгүүрийн лангуун дээрх хэрэглэгчдийн сонголтоос харах боломж бүрдэв. Хоёрт, улсын хөгжлийн араа шүд болсон үйлдвэрлэлийн том баазууд шинэ технологи туршин гайхалтай бүтээгдэхүүн үйлдвэрлэж “Ажил хийвэл ам тосдох”-ын утгыг бие дээрээ үзэв. Гуравт, шинэ ажлын байраар хангагдсан орон нутгийн оршин суугчид ядуурлыг таягдаж амьжиргаагаа батлах боломж нөхцлийг олов. Ийнхүү эрдэм шинжилгээ, үйлдвэрлэл, мэнэжмэнтийг хослуулсан төрийн мэргэн бодлого зөвхөн ядуу иргэдийг амьдралын балчгаас татан гаргаад зогсохгүй бүхий л талбарт жигд хүртээмжтэй үйлчилж, эцэст нь хэн нэгэн бус улс орон хожиж байгаа жишээг хальтхан хуваалцахад ийм байна.   

Эх сурвалж:CCTV.com. Б.Занданхүү